1. Эрүүл хоол идэх уйтгартай эсвэл хоол бага идэж өлсөж байж турах хэрэгтэй
Хэд хэдэн хүн чи тэгээд ингээд л идээд байхаасаа уйддаггүй юмуу, зөвхөн тахианы цээж мах цэцэгт байцаа 2 идээд? Яаж чаддаг байнаа, уйтгартай юм гэж хэлж байсан.
Үгүй шүү дээ, тэмцээнд бэлдэх үеэрээ л чангалж, илүү дутуу амттанаа хасдаг болохоос биш жилийн туршид л тэгээд явна гэж юу байхав. Харин ч эрүүл зөв хооллолттой болсноос хойш бие минь улам сэргэг, эрч хүчтэй болсон, ямар гоё байдаг гээч.
Учир зүггүй хоолоо битгий хас. Тэр дан шөл байна уу ус тараг алим ч байнуу 7 хоногт 3-4 кг хасдаг ДЭГЛЭМҮҮД битгий барь. Удаан хугацаанд хэрэгжүүлж чадахгүй юмаа битгий турш, хэн ч хэдэн сар жилээр байцааны шөл уугаад явахгүй л байхгүй юу :))
Би маш их иддэг, өөрийгөө өлсгөж зовоодоггүй. Долоо хоногт 1-2 удаа чийт мийл буюу чихэр, амттан, пицца гэх мэт жанк фүүд идэх эрхийг би өөртөө олгодог. Гэхдээ удаан хугацаанд эрүүл, тэнцвэртэй хооллосны дараа тиймэрхүү юм идэх сонирхол төрөхөө байчихдаг. Миний эрүүл хооллох хэв маяг минь амттай, сонирхолтой, гоё учраас тэр. Эрүүл байна гэдэг нь хамаг юмаа хасаад өлсгөлөнгийн байдалд орохыг хэлдэггүй. Харин ч тэнцвэртэй зөв хооллолдог болохоор миний иддэг хоолнууд их амттай гоё байдаг. Жишээ нь тахиагаа жигнэхдээ хар перец, шингэн амино нэмээд бага зэрэг түлээд жигнэхээр ...ммммммм.....амт гэж янзын.
Энэ бүгд уйтгартай юмуу огт амаар гарчихмаар байдаггүй. Хүнсээ гоё амтлаад, тааруулаад идэх нь ингэж удаан дурлаад тэсгэл алдахгүй яваад байгаагийн маань түлхүүр шүү дээ :)
2. Жимс биед сайн учраас жимс сайн идэх хэрэгтэй, угаасаа таргалуулахгүй
Хүмүүс яах гэж хоол иддэг вэ? Эрч хүч енергитэй болох гэж тиймүү? Гэхдээ ямар ч хүнсийг: эрүүл ч бай эрүүл биш ч бай хэтрүүлвэл та таргална. Жимс сайн гээд л махаа хасчихаад жимс л идээд чухам л *эрүүл* болж байгаа юм шиг аягладаг хүнтэй таарсан уу? Би тийм хүн мэднэ - би байна! Би жимс эрүүл болохоор жимс л идээд байвал угаасаа эрүүл хүнс юм чинь таргалуулахгүй гэж бодоод л идээд байдаг байсан, мах нэг их иддэггүй. Тэр үедээ би скинни-фат буюу туранхай юм шиг хэрнээ өөхтэй байлаа. Биед сайн гэсэн хүнс болгоныг хязгааргүй идээд байж болохгүй. Өмнө хэлсэнчлэн баланс хамгийн чухал! Мөн хэдийд нүүрс-ус хэдийд уургаа авахуу гээд шим тэжээлийг авах цаг бас маш чухал. Макроны чинь харьцаа мөн чухал. Номондоо гоё дэлгэрэнгүй тайлбарлатал хуудасны тэмдэглэлүүдтэй найзалж байгаарай ;)
Ялангуяа МАКРО ГЭЖ юу ВЭ гэсэн тэмдэглэлийг анхааралтай уншаарай.
3. Бодибилдерүүд, тэмцээнд орсон хүн л бол хувийн дасгалжуулагч хийж чадна
Хэдий тийм хүмүүс туршлагатай ч хүн бүр хувийн дасгалжуулагч хийж чадна гэсэн үг биш гэхдээ бас чадахгүй ч гээгүй. Хувийн дасгалжуулагч болоход энд лав тусгай сургалт дамжаа дүүргэж байж шалгалт шүүлэгийг нь өгөөд давсаны дараа л болдог. Юу хийж байгаагаа мэддэг, баталгаатай хүн нь дээр шүү дээ. Зүгээр би xx-жил өргөсөн би хувийн дасгалжуулагч хийж чадна гээд болдоггүй.
Олон хүн надаас дасгалжуулаад өгөөч гэж асуусан, үгүй ээ би сургалтыг нь дүүргээд сертификаттай болтлоо хүн дасгалжуулахгүй. Хэдий надад туршлага бий ч надад хувийн дасгалжуулагчийн хэмжээний нарийн мэдлэг байхгүй, тэдэнд чинь нарийн мэдлэг хэрэгтэй. Зүгээр нэг хүн араасаа дагуулчихаад л энийг өргө, 10 удаа хий, за болно гэдэг зүйл бишшүүдээ. Тиймээс хүнээр дасгалжуулуулмаар байвал ядаж сертификаттай эсэхийг нь шалгаарай. Мэдээж тэр хүнээ үнэхээр хүндлээд үнэхээр туршлага нь чухал бол хамаагүй, гэхдэээ бэлтгэлийн үеэр янзан бүрийн юм болвол цаад хүн чинь яахыг мэддэг байх нь танд өөрт чинь хэрэгтэй шүү.
4. Нэмэлт бүтээгдэхүүн
Халиунаа энэ гадны тамирчид лаг биетэй байна юу хэрэглээд байна гэж нэг хүн асууж байсан нь санаанаас гардаггүй юм. Эд нар л нэмэлт хэрэглээд л хурдан хөгжчихсөн юм шиг. Мэдээд стеройд ч юмуу янзан бүрийн гормон тариулж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ эд нарын соёл нь иймшүүдээ. Ихэнх нь л дасгал хийж эрүүл мэнддээ анхаарч байна, аль эртнээс энэ бүх мэдээлэл дунд өсчихсөн хүмүүс аль эртнээс л эрүүл мэнддээ анхаараад лаг мундаг биетэй байх нь аргагүй. Бразилд очиж үзсэн найз маань тэр хүүхнүүд чинь тийм өгзөгтэй байх нь аргагүй юм байналээ шүү дээ, бүгд л дасгал хийдэг, дасгал хийхийн төлөө төрчихсөн юм шиг л байдаг юм байналээ гэж байсан. Хүний урт удаан хөдөлмөрийг нь хараагүй өнөөдрийн биеийг нь л олж харчихаад битгий нэмэлт энэ тэр лүү чихээд өөртөө шалтаг гаргаж ирээд бай. (би юм хэрэглэхгүй байгаа юм чинь аргагүй мэтийн шалтаг)
Нэмэлт бүтээгдэхүүнүүд одоо хийж байгаа дасгал, хооллолтод чинь дэм үзүүлэхээс биш шаргуу хөдөлмөрлөөгүй биеийг дээш нь татах хэрэгсэл биш. Шаргуу хөдөлмөрлө, дасгал бүрээ чанартай хий. Дэм болохоос биш заавал хэрэглэх ёстой бол биш. Хоолоо хангалттай, зөв идэхэд болно.
5. Бүх уураг адил
Шар сүүний уургийг бид бүгд мэднэ, хамгийн түгээмэл нь. Тэгвэл түүнээс гадна өөр хэд хэдэн төрлийн уураг бий, бүгд адил гэсэн үг биш. Өөрийн зорилго, биеийн онцлогоос хамаараад өөртөө тохирохыг сонгоорой (жишээ нь амьтны гаралтай хүнс хэрэглэдэггүй хүмүүс ургамлын гаралтай уураг сонгох г.м). Тэмдэглэл дунд байгаа шиг санаж байна, уншаад үзээрэй.
Би оптимум нутришины Голд Стандарт-ыг хэрэглэдэг. Уураг бөөрөнд муу гэж сонсч байсан уу? Уургийн бэлдмэл бөөрийг муутгадаг юм биш, та өөрөө анхнаасаа бөөр муутай бол л хэцүү . Учир нь уургийг боловсруулахад бөөр тань илүү ажиллах шаардлага гарна. Тийм нарийн эрүүл мэндийн асуудалтай хүмүүс эмчтэйгээ зөвлөөрэй. Харин та бөөрний асуудалгүй, эрүүл бол уургийн бэлдмэл бөөр муутгана гэж санаа зоволтгүй. Таны хүнснээсээ (мах, өндөг) авах уурагтай адил энгийн л шим тэжээл.
Хэрэгтэй мэдээлэл байсан байх гэж найдья. Уншсанд баярлалаа хөөрхөн хүмүүс минь. Найз чинь, таньдаг хүн чинь уншаасай гэж хүсвэл шэйр хийгээрэй.
Халиуна.
Comments
Post a Comment