1. Яавал хурдан гараараа/гуяараа/гэдсээрээ/ шилбээрээ турах уу?
- Хүн нэг хэсгээрээ турна гэж байхгүй. Бүхэлдээ турдаг юмаа. Би ч бас анх том шилбэтэй гээд түүндээ дургүй бас шилбээрээ нарийсмаар байна гэж боддог л байсан. Одоо харин ч эсрэгээрээ бодож байгаа. Турмаар байвал хооллолт, дасгал сургуулилтаа зохицуулж сурах хэрэгтэй
2. Өөх шатаагч хэрэглэвэл хурдан турах уу? Би xxx -ий дотор xx- кг хаямаар байна тус болооч? гэх мэт...
- Нэмэлт бүтээгдэхүүнүүд тус болдог болохоос биш ид шидийн бүтээгдэхүүнүүд биш. Сайн хоолны програм дасгалын программгүй байж өөх шатаагч уугаад ч юмуу булчингийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг гэх нэмэлт бүтээгдэхүүнүүд хэрэглээд нэмэргүй. Дасгал хийгээгүй, булчиндаа ачаалал өгөөгүй байж их юм хэрэглээд үр дүн хүлээж суух хэрэггүй. Эхний ээлжинд сайн хооллолт, дасгалын программтай болох хэрэгтэй. Номондоо хэрхэн энэ бүгдийг цогцлоох талаар илүү дэлгэрэнгүй оруулна аа. Харин тэр болтол хуудасны тэмдэглэлүүдтэй найзлаж байгаарай :)
3. Хурдан хурдан хурдан....
- Маш олон асуултууд хурдан гэдэг үгийг агуулсан байдаг. Юундаа яараад байгааг мэдэхгүйм. Би л лав анх жимрүү найзыгаа дагаж явахдаа гоё биетэй л болчихвол боллоо гэсэн бодолтой ороогүй. 10 жилд байхад дотны маань хүн хүнд өвдөхөд эрүүл мэндийн утга учрыг ойлгосон болохоор эрүүл, хөдөлгөөнтэй байх үүднээс явсан. Одоо 2 жил болж байна. 2013 оны хавраас явж эхлэхдээ хөлний хэдэн дасгалаар л эхлэсэн, 2014оны өвлөөс нуруу гар цээж гээд оруулаад хийдэг болсон ( бас хэр удаан хичээллэж байгаа вэ гэдэг асуултын хариу).
Битгий яар. Бусад хүмүүстэй өөрийгөө битгий харьцуул, *өөрийн 1р бүлгийг өрөөлийн 20р бүлэгтэй битгий харьцуул* гэж үг бий. Олон жил хичээллэсэн хүнээс урам ав, гэхдээ битгий өөрийгөө харьцуулж тийм биегүй байгаадаа гунигла. Танд одоо гэдэг цаг байна. Одооноос эхлэ. Аа бас үйл явцад нь дурлахгүйгээр үр дүн битгий хүлээ. Дасгал хийх дургүй, эрүүл хооллож чадахгүй байж л сэтгүүлийн зураг дээрх шиг бие мөрөөдөөд суух утгагүй. Өөрийгөө харьцуулаад л яараад байна гэж ойлгож байгаа, өрөөлтэй өрсөлдөхийг урьтал болгохоосоо илүү өөртэйгээ өрсөлдөх өрсөлдөөндөө төвлөр.
4. Тэмцээнтэй холбоотой асуултууд...Би хичээллээд xx - сар болж байгаа юмаа, одоо xx - долоо хоногийн дараа тэмцээнтэй. Хооллолт, дасгал, поозны талаар зөвлөөч....
- Ингэж асууж байгаа ихэнх хүмүүс бодибилдингийг сонирхож эхлээд 3 4 хөн сар болсон хүмүүс байдаг, тэгээд тэмцээн нь 4-6хан долоо хоногийн дараа... Бас л нөгөө яарсан асуудал. Би тэмцээндээ орохоосоо өмнө бараг 1 жилээс илүү хичээллэсэн. Тэмцээнд орно ч гэж бодож байгаагүй, зүгээр өөрийгөө сорьж л орж үзсэн. Мэдээж та нарын өөрийгөө сорьж байгаа чинь сайн хэрэг, маш их дэмжиж байна, гэхдээ яагаа ч үгүй дутуу байж битгий яараарай л гэх гэсэн юм, тэмцээндээ сайн бэлэн болж амжихгүй бол сэтгэлээр унахвий л гэж ... Дасгал хэрхэн хийхээ мэдэхгүй, хооллолтоо ч мэдэхгүй байж тэмцээнд орно гэж битгий яар. Бодибилдингээр хичээллэж л байгаа бол тэмцээнд орох ёстой бол бишшүүдээ. Үеийн тань олон залуус тэмцээн тэмцээн гээд хорхойг чинь хөдөлгөөд байгааг ойлгож байна, ядаж дээрх 2 зүйлийг эзэмшиж байж (багахан ч болтугай ойлголттой болж байж) тэмцээний талаар бодож эхлээрэй <3
Нэмэлт зөвлөгөө хэлэхэд, өөрийгөө сорь, юугаар ч хамаагүй. Тэгж байж хүн амьдралын таашаалыг мэдэрдэг, хэрэв та бодибилдингийг сонгосон бол баяр хүргье, маш зөв. Булчин гэдэг гэхдээ хурдан хөгждөг эд биш, тогтмол бэлтгэл сургуулилт, бөөн шинжлэх ухаан шүү дээ, тиймээс битгий яар. Өөрийн биед тохирсон хооллолт болон дасгалын программтай бол - таны эхний ээлжинд хийх хэрэгтэй юм чинь тэр шүү. Нэг нэгнээ дэмжээд хамтдаа чийрэг болцгооё хөөрхөн хүмүүс минь <3 -
Comments
Post a Comment